14/01/2020
Нягтлан бодогч хүний эзэмших хэрэгтэй 5 шинж чанар
1.Сайн нягтлан мэргэжилдээ хайртай байдаг
Өөрийн мэргэжлийнхээ үнэ цэнийг мэдэрч мэргэжилдээ хайртай байх шинж нь хийж буй ажил үүргийнхээ үр өгөөж, ач холбогдлыг үнэлж ойлгох явдал юм. Ажилдаа дуртай, сэтгэлтэй хүний гараас л сайн үр дүн гардаг гэж туршлагатай удирдлагууд ярих нь олонтаа.
Нэг талаас хөрөнгө санхүүгийн нөөцөд бүртгэлээр хяналт тавьж үйл ажиллагааны бодит үр дүнг тодорхойлох, удирдлага болон бусад мэдээлэл хэрэглэгчдийг шийдвэр гаргахад шаардлагатай мэдээллийг бэлтгэх явдал юм.
Нөгөө талаас төрийн оршин тогтнох үндэс болсон албан татварыг тодорхойлох, цуглуулах, улсын хэмжээний статистик мэдээллийн үндсэн санг бүрдүүлэхүйц санхүүгийн тайланг үнэн зөв бэлтгэхээс шалтгаалдаг.
2. Мэргэжлийн хянамгай байдал нягтлангуудад маш чухал
Даяарчлалын эрин үед нийгмийн харилцаа хөгжих тутам ажил гүйлгээний утга нарийсч, шинэ төрлийн харилцаа үүсч, орчин нөхцлийн өөрчлөлт нь нягтлан бодогчдоос мэргэжлийн ур чадвараас гадна мэргэжлийн хянамгай байдал буюу тухайн байгууллагын нууцыг хадгалах, шударга байх, ёс зүй, сахилга батын соёлыг шаардаж байна.
3. Тасралтгүй суралцагч байх
Санхүүгийн тайлагналын олон улсын стандарт, санхүү татварын хууль тогтоомжуудын өөрчлөлт нь нягтлан бодогч бидний хувьд мэдлэг, чадвараа нэмэгдүүлэх, хувь хүний хувьд хөгжил, өсөлт дэвшлийг шаардаж байна. Иймд удирдлагын зөв шийдвэр гаргалтад мэргэжлийн ур чадвар, үнэ цэнийг ойлгуулахын тулд тогтмол сургалт, семинарт хамрагдан, мэдээллээс хоцрохгүй байж, өөрийгөө байнга хөгжүүлж, суралцахын тулд тасралтгүй хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй.
21-р зууны технологийн дэвшлүүд ч мөн нягтлан бодох бүртгэлийн практикт томоохон өөрчлөлтүүдийг авчирч байгаатай хөл нийлүүлэн алхахын тулд бид ажилдаа технологийг ашиглах, бүтээмжээ өсгөх ур чадваруудаа хөгжүүлэх шаардлагатай болж байна.
4. Бүртгэл тооцооны ажлын эхлэлийн цэг
Нягтлан бодогчийн ажлын эхлэлийн цэг нь бүртгэл тооцооны ажлыг анхлан гүйцэтгэж буй ажлын мөн чанарыг ойлгох, нярав, бүртгэл тооцооны ажилтны ажил үүргээ гүйцэтгэхэд нь мэргэжлийн арга зүйгээр удирдаж чиглүүлэхүйц дадал, туршлагыг хуримтлуулахаас эхтэй. Иймд нягтлан бодогч нь менежер бөгөөд энэ ч утгаараа аж ахуйн нэгжийн үйлдвэрлэл, үйлчилгээний ажлын нарийн үйл явцыг судалж мэдсэн, ажилтнуудын ажлын байрны үүрэг, хариуцлагыг тодорхойлж хэмжиж чадахуйц удирдах чадварыг эзэмших ёстой.
5. Цагийг сайн баримталдаг байх
ТА бидэнд байгаа ижил нөөц бол “ЦАГ ХУГАЦАА” юм. Шинжлэх ухаан, технологи, мэдээллийн эрин зуунд цаг хугацаа гэрлийн хурдаар хэмжигдэж байна. Нягтлан бодогч нь цагийн сайн менежер байх ёстой. Мэргэжлээрээ бахархах зүйлс бүтээхийн тулд санаж, сэтгэж амьдрах шаардлага зүй ёсоор тулгарч байна. Иймд нягтлан бодогч хүн ажлаа төлөвлөж, гүйцэтгэлийг үнэлж, тооцож, тайлагнахдаа “цагийн юмыг цагт нь” гэдэг зарчмыг мөрдлөг болгон хэрэгжүүлэх хэрэгтэй.