29/06/2026
Баланс Про Консалтинг ХХК нь "Татварын мэргэшсэн зөвлөхүүдийн чуулган 2026"-г дэмжин ажиллаа. Татварын мэргэшсэн зөвлөхийн нийгэмлэгийн хамт олон, удирдлагуудад талархлаа.
"ТМЗ ЧУУЛГАН 2026"-ААС ГАРСАН ЗӨВЛӨМЖИЙГ ТОВЧХОН ХҮРГЭЕ.
Татварын орчны өөрлөлт ба хиймэл оюуны нөлөө сэдвийн хүрээнд санхүүгийн салбарын ирээдүйн чиг хандлагыг тодорхойлсон, үр дүнтэй бөгөөд өргөн хүрээтэй хэлэцүүлэг өрнүүлж дараах зөвлөмжийг хүргүүлсэн байна.
Энэхүү зөвлөмжийг тус чуулганы үеэр танилцуулсан 11 илтгэлд үндэслэн 3 зорилтот бүлгээр ангилан товчлон:
НЭГ. БОДЛОГО БОЛОВСРУУЛАГЧДАД ЗОРИУЛСАН ЗӨВЛӨМЖ
1. Хиймэл оюуны стратеги ба хууль эрх зүйн орчин: Татварын мэдээлэл маш өндөр нууцлал шаарддаг тул "AI in Tax Governance" мастер төлөвлөгөөг яаралтай батлах. Үүнд:
o Олон улсын стандарт: OECD-ийн хиймэл оюуны зарчмууд болон мэдээллийн нууцлалын (GDPR/PIPL) зарчмыг хууль тогтоомжид нийцүүлэн оруулах шаардлагатай байна.
o Хуулийн туршлага: Японы Татварын мэргэшсэн зөвлөхийн туршлагаас ХОУ-ын зохицуулалтыг дотоодын хуульд нарийвчлан тусгах.
o Хариуцлагын тогтолцоо: Хуурамч мэдээлэл зохиох эрсдэлээс сэргийлж, шийдвэр гаргалтанд заавал хүний хяналт оруулах болон хариуцлах эзнийг тодорхой болгох хууль эрх зүйн шаардлага бий болгох.
o BEPS 2.0: 15%-ийн глобал татварын хэрэгжилтийг 2026-2027 онд хангахын зэрэгцээ, олон улсын корпорациудын тайланг хянахын тулд Хятадын Golden Tax IV систем шиг ХОУ-ын өгөгдөл боловсруулах өндөр хүчин чадлыг нэвтрүүлэх.
2. Татварын бодлого, ёс суртахуун: Татвар төлөгчийн хууль даган мөрдөлтөд татварын ёс суртахууныг дэмжих нь хамгийн хүчтэй нөлөөлж байна. Иймд татварын цахим системийн найдвартай байдлыг тасралтгүй сайжруулах хэрэгтэй. Мөн төрд итгэх итгэл, татварын ёс суртахууныг дэмжихийн тулд авлигын эсрэг арга хэмжээг эрчимжүүлж, уул уурхайн орлогын хуваарилалтын ил тод байдлыг нэмэгдүүлэхийг зөвлөж байна.
3. Зөвлөх туслагч алба: ТЕГ албадлагын арга барилаас татгалзаж, сайн дурын даган мөрдөлтийг дэмжих, итгэлцлийн арга барил руу шилжих. "Tax Agent" болон Big Data ашиглан татвар төвлөрөлтэй, өгөгдөлд суурилсан үйлчилгээнд бүрэн шилжих.
ХОЁР. ТАТВАРЫН МЭРГЭШСЭН ЗӨВЛӨХ КОМПАНИУД, ХУВИЙН ХЭВШИЛД ЗОРИУЛСАН ЗӨВЛӨМЖ
1. Дижитал экосистем: Файлд суурилсан уламжлалт үйлчилгээнээс татгалзаж, бодит цагийн, хамтын ажиллагаатай, мөнгөжөх боломжтой дижитал экосистем рүү шилжих шаардлагатай. Үүний эхлэл болгож НӨАТ-ын тайлангийн онлайн үйлчилгээг бүрэн цахимжуулж, ЖДҮ болон банк санхүүгийн байгууллагуудын хооронд "Итгэлцлийн түнш" болон ажиллахыг уриалж байна.
2. Тооцоологчоос Стратегич руу: Механик ажлыг AI агентд даатгаснаар цагийг 30-90% хэмнэнэ. ТМЗ-үүд стратегийн зөвлөх болж, AI agent-д тулгуурласан өрсөлдөөний давуу талыг бий болгох боломж харагдаж байна.
3. AI нэвтрүүлэлт ба Аюулгүй байдал: Одоогоор Монголын ТМЗ компаниудын хиймэл оюуны нэвтрүүлэлт 30.06% буюу "Explorer" (Судлаач) түвшинд байгаа бөгөөд үүнийг "Adopter" (Нэвтрүүлэгч) түвшин рүү ахиулахын тулд хиймэл оюуныг зөвхөн туслах хэрэгсэл бус, мэргэжлийн үндсэн үйл ажиллагаанд мэдээллийн аюулгүй байдлыг ханган, эрсдэл хариуцлагыг тооцсон зохих түвшинд нэвтрүүлэхийг зөвлөж байна.
ГУРАВ. МЭРГЭЖЛИЙН БОЛОН БОЛОВСРОЛ, ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАЙГУУЛЛАГУУДАД ЗОРИУЛСАН ЗӨВЛӨМЖ
1. Салбарын мэргэшсэн платформ хөгжүүлэн ашиглах: БНСУ-ын (KASTA) туршлагаар олон LLM загвар нэгтгэсэн, татварын хууль, шүүхийн жишгийг тулгуурласан "AI Татварын Зөвлөх" дундын платформыг хөгжүүлж, гишүүдийнхээ үйл ажиллагааг дэмжих хэрэгтэй.
2. Хөтөлбөр ба Сургалт: Хиймэл оюуны хөгжилтэй уялдуулан 2026 оноос магистрын хөтөлбөрт Татварын үйл ажиллагаан дахь ХОУ-ын ёс зүй хичээлийг заавал судлах хичээл болгон оруулахыг зөвлөж байна.
3. Тасралтгүй хөгжил: "Prompt engineering" сургалтыг тогтмолжуулж, ТЕГ болон мэргэжлийн холбоод хамтран жил бүр "AI & Tax" форум зохион байгуулж, сайн туршлага, дата хуваалцах механизмыг бүрдүүлэхийг уриалж байна.
________________________________________
Эрхэм зочид оо, татвар, санхүүгийн салбарт хиймэл оюун ухаан нь биднийг орлох аюул биш, харин бидний үнэ цэнийг хэд дахин өсгөх хамгийн хүчирхэг "түнш" болох нь өнөөдрийн чуулганаас тодорхой харагдлаа. Гэхдээ шийдвэр гаргах эцсийн мөчид Татварын мэргэшсэн зөвлөхүүдийн хүлээх хариуцлагыг Хиймэл оюун орлохгүй. Энэхүү зөвлөмжийг ажил хэрэг болгож, дижитал татварын шинэ эринд хамтдаа түүчээлэн алхъя!